Чи ажлынхаа найзуудтай аяга кофе уухаар суухдаа хамт ажилладаг нэгнийхээ шинэхэн засуулсан үсний хэлбэрийг өөрийн эрхгүй муулчихдаг уу? Эсвэл чадвар муутай хамтран ажиллагчийнхаа гаргасан алдааг даргадаа хэлэхээр зэхэж байна уу? Тэгвэл түр байзнаад, үүнийг уншаарай. “Муу зуршил”-д зөвхөн архи уух, тамхи татахаас гадна бидний зүгээр л хийж, гаргаж орхидог харилцааны, нийгмийн зуршлууд ч хамаардаг. Харин тэдгээр нь биднийг нэг удаадаа аварч, нэг удаадаа зугаацуулж болох ч яваандаа найзууд, хамт олон дунд нэр хүнд муутай болгодог.
1. Ажлаа хагас дутуу хийх
Даргынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх нь ганцхан түүний өмнө биш өөрийнхөө хүн чанар, ёс суртахууны өмнө ч хүлээж байгаа хариуцлага юм. Хэрвээ ямар нэг зүйлийг хийхийг хүсэхгүй эсвэл яагаад үүнийг хийх нь чухал болохыг ойлгохгүй байвал даргадаа үнэнийг хэлэх зоригтой бай. Ямартай ч хоёрын хооронд ажиллаад хэрэггүй. Ажлыг халтуурддаг хүмүүс албан тушаал ахидаггүй, дорвитой амжилт гаргадаггүйгээс гадна бусдад аажмаар хүндлэгдэж, үнэлэгдэхээ больдог. Тиймээс өөрийнхөө ч цаг, хөдөлмөрийг үнэлж сурах хэрэгтэй.
2. Алдаагаа нуух
Хүн болгон л алддаг шүү дээ. Чиний гаргасан алдаанаас болоод компани чинь алдагдалд орохоос өөр аргагүй болсон байлаа гэж бодъё. Тухайн үедээ нуугаад эсвэл өөр ямар нэг зүйлийг буруутгаад өнгөрч болох ч нууц чинь хэзээ нэг цагт ил гарах л болно. Мөн чадварлаг удирдагч нар чамайг үнэнийг хаацайлж байгааг анзаарч мэдрэх нь гарцаагүй. Тиймээс шууд л буруугаа хүлээх чадвартай бай. Дарга чинь загнаж, цалингаар чинь торгож магадгүй ч цаагуураа итгэл хүлээлгэж болох хүн хэмээн үнэлэх болно.
3. Бусдын алдааг ховлох
Өөрийнхөө алдааг мэдсэн даруйдаа буруугаа хүлээх нь зөв. Харин хамт ажиллаж байгаа хүнийхээ алдааг мэдчихээд даргадаа ховлох нь тийм ч сайн шийдэл биш. Оронд нь, өөрт нь тухайн асуудалд туслахыг санал болго. Хэрвээ түүний алдаанаас болоод чиний ажил давхар бүтэлгүйтэж байвал удирдлагадаа хэлэхийн оронд өөрт нь шууд хэл. Эцсийн эцэст хэн алдаа гаргасан нь чухал биш цаашдын ажил бүхэлдээ алдаагүй байх нь л чухал шүү дээ.
4. Бах ханах
Арай бүдүүлэг нэрлэчихэв үү дээ? Гэхдээ чамтай ажил хэргийн, хувь хүний хувьд ч өрсөлддөг хэн нэгэн азгүйтэж, бүтэлгүйтэхийг хараад дотроо чимээгүйхэн баярлачихаад байдаг бол “чимээгүй баясгалан” чинь бусдад аль хэдийнэ анзаарагдсан л байгаа. Хүн чинь робот биш шүү дээ. Хамт олон дунд чинь чиний ч бас бүтэлгүйтэлд баярлах хэн нэгэн байгаасай гэж хүсэхгүй байвал энэ бодол, энэ зуршлаа гээгээрэй.
5. Хов жив ярих
“Мунхаг хүмүүс хүн ярьдаг, дундаж хүмүүс үйл явдал ярьдаг, ухаалаг хүмүүс санаа ярьдаг” гэдэг үг бий. Ялангуяа бүсгүйчүүд ихтэй газарт хов жив гарах хандлага түгээмэл. Гэхдээ түүнд автах эсэх нь бидний л сонголт. Чамд хэн нэгнийг муулж ярьсан хүн, өөр хэн нэгэнд ч бас чиний тухай муулж байгаа нь гарцаагүй учир иймэрхүү зүйлээс тэр чигтээ л ангид байгаарай. Мэдээж цайны цагаараа хов ярьж харагддаг хүн хамт олон дундаа “үлгэр жишээ”, “мундаг”, “суралцах юм ихтэй бүсгүй” хэмээн үнэлэгдэх нь юу л бол.
6. Бусдад өөрийнхөө бухимдлыг халдаах
Зарим хүмүүс ажил дээрээ өөртөө болон бусдад байнга стресс үүсгэж байдаг. Орж ирээд ширээн дээрээ цүнхээ шидэлнэ эсвэл харилцагчтайгаа утсаар дуугаа өндөрсгөж ярина, өөрийнх нь ажил нь бүтээгүй байтал өөр хүмүүс ч бас түүнд нь буруутай мэт таагүй харьцана. Тэд ихэвчлэн аливаад бодлоготойгоор хариулахаас илүү шууд хариу үйлдэл үзүүлдэг, хяналт муутай, сул дорой хүмүүс байдаг ба ажлын уур амьсгалыг эвдэж, бусдын бүтээмжийг унагаах хөнөөлтэй. Хэрвээ чамаас хааяа хааяа, ачаалал ихтэй үед, гэрт чинь таагүй зүйл тохиолдсон үед ийм зан гарчих гээд байдаг бол чи яг одоо бухимдаж байж болох ч чиний эргэн тойрны бүх хүн эсрэгээрээ урам зоригтойгоор, инээд хөөрөөр дүүрэн ажилдаа шамдаж байгаа гэдгийг санан саад бүү болоорой. Аливаа асуудал болон түүнтэй хамаатай уцаарыг тухайн асуудалд хамаатай орон зай дотор нь л гарга. Энэ зуршлаасаа салахгүй бол аажимдаа хүмүүс чамтай хамтран ажиллахаас зайлсхийж, зугтах шинж ажиглагдана.
0 comments:
Post a Comment