ЦЭЦЭРЛЭГИЙН 30 ЖИЛ-БАГШ АЖИЛЧДЫН СЭТГЭГДЛЭЭС...




Цэцэрлэгийн анхдагч багш Д.Энхтүвшин

1986 оны 12 сард 10 цэцэрлэгт Ахлах бүлэгт Долгорсүрэн багштай одоогийн Бямбахүү багшийн ангид ажиллаж байгаад жирэмсэний амралт аваад явсан.
1987 онд эргэж ажилдаа ороод дуу хөгжмийн багшаар 2000 он хүртэл ажиллаад 2000 оноос 2016 он буюу одоог хүртэл бүлгийн багшаар ажиллаж байна.
Намайг анх цэцэрлэгт ирэхэд бүлэг бүр ээлжийн 2 багштай 1 туслах багштай байсан орос улсын мэргэжилтэн багш 2 тогооч 2 эмч нэг зэрэг ажиллаж байлаа.                                             
            Тэр үед багш нар эхний ээлж өглөө 7 цагт ирж хүүхэд хүлээн аваад өдөр 13 цагт буудаг өдөр ээлжийн багш 11 цагт ирж орой 19 цаг хүртэл ажилладаг туслах багш өглөө 8 цагт ирж орой 17 цагт буудаг дундаа 1 цаг цайны цаг байдаг байсан.
Хичээл хүмүүжлийн ажил өглөө бүх бүлэг 9 цагт эхэлдэг бэлтгэл бүлэг өглөө хоёр зарим үедээ 3 хичээл ордог ачаалал маш их , цаанаас төлөвлөсөн сэдвийн дагуу хичээл хүмүүжлийн ажил явагддаг байсан.
Мөн цэцэрлэгийн хэсгээс болон боловсрол соёлын газраас их олон ажлуудыг төлөвлөн явуулдаг түүнд заавал бүх цэцэрлэгүүд хамрагддаг багш ажилчид их завгүй зарим үед хонож хүртэл ажилаа гүйцээдэг байсан. Соёлын ордон, хүүхэлдэйн театр, хүүхдийн төлөө төв, номын төв,  спортын ордон гэх мэт газруудаас удирдамжууд их ирдэг,   бүх уралдаан тэмцээнд хүүхдүүдийг оролцуул гэсэн захирамж, тушаалууд гардаг бүх уралдаан тэмцээнд багш нартай хамтран хүүхдээ бэлтгэдэг, өвөл зунгүй ажилладаг байсан болохоор амрах завгүй явдаг байсан.
Нялх хөхүүл хүүхэдтэй мөртлөө хөхөө саамшаад гоожихоор нь соёлын ордны жорлонд орж саагаад л орой үдэш ирлээ гэж нөхөртэйгээ хэрүүл хийгээд л тэр үеийн бүх багш ажилчид ингэж л ажилладаг байсан. Гадна дотноос их шалгалт ирдэг байсан нэг өдөр бид нар яг тэр үед Мария гэдэг кино гарч байсан Туяа даргын өрөөнд бараг л бүгд цугалран кино үзээд байж байсан чинь хөдөлмөр хамгааллын шалгалт ороод ирсэн тэгсэн чинь Туяа дарга сандарсандаа зурагтынхаа залгуурыг хананаас нь  мулт татангуутаа за ингээд өнөөдрийн шуурхай дууслаа бүгд ажилдаа орцгоо гэж нэг аврагдаж билээ. Гэх мэт их инээдтэй зүйлүүд их болдог байсан.
Бүх хүмүүс нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийн төлөө гэдэг зарчмаар ажиллаж цэцэрлэгийн бүхий л үйл ажиллагаанд бүх хүмүүс хүчин зүтгэдэг өдөр орой ажлын цагийг харгалзалгүй ажилладаг байж дээ. Тэр миний ажил биш тэр л хийнэ биз гэсэн сэтгэл хэнд ч байдаггүй бие биедээ өөрийн чадах бүхнээр тусалдаг дарга цэргийн ялгаагүй толгой өөд татах завгүй ажиллаж байсан.
Багш нарын ур чадварын тэмцээнд бэлтгэн багш нар зааланд цуглаад бэлдэж байхад орос тогооч , эмч, туслах манаач хүртэл хийж байгаа зүйлээс нь хийлцэж хоол цай, ус ундаагаар хангаж хүн бүр хүчин зүтгэдэг их хамтач хамт олон байсан .
1988 оны зун 60 хүүхдийн хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн болно гэж удирдамж ирээд түүнд бэлтгэл, ахлах бүлгийн хүүхдээс шалгаж аваад 60 д хүрэхгүй дунд бүлгийн хүүхдүүд оруулаад бэлдэж байсан түүнд манай цэцэрлэг түрүүлж улсын баяраар наадмын талбайд тоглолт хийж байсан.
Гимнастик бэлтгэж байхад хүмүүс хүрэлцэхгүй Туяа дарга өөрөө нэг эрээн мод бариад л 1,2 гэж ирээд л их чанга тоолно Туяа даргыг байхаар хүүхдүүд их сайн хийдэг байсан. Хувцасыг манай оёдолчин Дэнсмаа багш ажилчид хамтран оёж байлаа.Тоглолтын хувцасыг хүртэл өөртөө оёдолчинтой түүгээрээ оёулдаг,  материалыг нярав хариуцан олж ирдэг,  доод талын одоогийн няравын өрөө оёдолчингийн өрөө байсан.
Манай цэцэрлэг нийтдээ 6 эрхлэгчийн нүүр үзэж байна.Үүнд: Г.Туяа, Р.Алтантуяа,Д. Буяндэлгэр, М.Оюунцэцэг, Г.Нямбайхүү, Т.Энхмаа ийм олон  ур чадвар сайтай эрхлэгч нар байсан байгаа болохоор манай хамт олон их сайн төлөвшсөн, дарга байсан байгаагүй хүн бүр өөрийн ажлаа ягштал сайн хийдэг гэж боддог.
Арга зүйч нар хүртэл 6 багш солигдож ирсэн санагдаж байна. Б.Лхагвасүрэн н.Баясгалан , Д.Хишигжаргал, М.Ариунжаргал , Б.Энхцэцэг, Г.Ганчимэг гэх мэт сайн арга зүйчид байсан бүгд эрхлэгч нар болон дэвшиж явдаг болохоор манай хамт олон их хөдөлмөрч , ямарч шалгалт шүүлэг ирэхэд хэзээд бэлэн сайн шалгагддаг болохоор олон эрхлэгч нарыг төрүүлсэн байх.
1985 онд анх Соёлын сургуулийг төгсөөд ирхэд соёлын салбарын дарга байсан Цэрэнбатаа дарга “За хө чи сургууль соёл төгслөө,  одоо эх орон юу хий гэнэ тэрийг хийх болно. Одоо 10 р цэцэрлэг мөдхөн ашиглалтанд орно тэрний дуу хөгжмийн багшаар ажиллана, гэхдээ орох арай болоогүй байгаа учраас чамайг         5 – р цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар өглөө”  гэж би анх удаа цэцэрлэгийн бяцхан шавь нартайгаа учирч билээ. Ингээд 5 – р цэцэрлэгт очоод Баясгалан багштай хамт 1 жил хүмүүжүүлэгч багш хийж байгаад 10 – р цэцэрлэг ороод бараг 2 – 3 сар болж байхад би их том гэдэстэй ирээд хөгжмийн багшийн ажлаа авч чадалгүй эргээд явсан.
Энэ л хамт олон дунд би амьдрал гэдэг их хөлгүй далайд өсөж өндийн хамт олныхоо дэмжлэг туслалцааг хүртэн,  амьдралын тэр их зовлон жаргалыг  өөдрөг сэтгэлээр дүүрэн туулж яваадаа их бахархаж байдаг.
Хамт олондоо 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Багш Ө. Болормаа :
Анх 1992 оны 9 сарын 2 нд тус цэцэрлэгт багшаар орж Эрдэнэбилэг багштай хамт 6-р бүлэгт орж 10 сарын 1 нээс бага бүлэг нээж ажилласан. Анхны туслах багш М Баярт байсан. Нэг бүлэгт 2 багш 1 туслах багш ажилдаг байлаа . Дараа нь дундын багш ажилладаг байснаа сүүлдээ 1 багш 1 туслах багш болсон . 6-р бүлэгт ажиллаж байгаад  2009-2012 он хүртэл 1-р бүлэг бага бүлэг авахдаа бууж ажиллаж,  бэлтгэл бүлэг болоход 5-р бүлэгт орж одоо эндээ ажиллаж байна.
 Ажиллах хугацаандаа М.Баярт, Ж.Эрдэнэтуяа, Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан, Б.Баярмаа нарын туслах багш нартай ажилласан. Гар сэтгэл нийлж сайхан хамт олон дотор ажиллаж боловсролын “ Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнуулсандаа баяртай байна.
Эмч Б.Наранцэцэг:
Миний бие Б.Наранцэцэг нь 2000 оны  1-р сард  УБҮ-ын ОСНААУГазрын харьяа 10-р цэцэрлэгийн сувилагчийн орон тоо гарсан тул 16 хүнийг сонгон шалгаруулалтанд орж, тестийн шалгалт авахад хамгийн дээд  оноог авсан тул  тухайн ажлын байранд орж байлаа.
 Тухайн шалгалтыг цэцэрлэг хариуцсан их эмч Ш.Янжмаа авч  ярилцлага хийж, улмаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Алтантуяатай уулзаад ир гэхэд  цэцэрлэгийн хаалгаар анх ороод Отгон эгчтэй анх тааралдаж  эрхлэгчийн өрөөг асууж байлаа.  Эрхлэгч Р.Алтантуяатай уулзах гэж орохдоо айж сандарч байсан ч  тэр хүний намуухан ярианд тайвширч хамтран ажиллах урам зориг орж байсан билээ.
Манай гал тогоонд Батцэнгэл , Самандгадий,  Жавзандулам , Дулмаа, Оюунтогтох зэрэг чадварлаг тогооч нар ажиллаж байлаа. Эрхлэгч Р.Алтантуяа ,  Г.Нямбаахүү, арга зүйч н.Эрдэнэбат,  М.Ариунжаргал, Б.Энхцэцэг, багш Эрдэнэчимэг,Тунгалаг, Эрдэнэбилэг, Оюунчимэг, Бямбаа,  Долгорсүрэн, Нямсүрэн, Баасанжав, туслах багш Мөнхцэцэг, Лхагвасүрэн, Эрдэнэтуяа, Балжинням, Хонгорзул, Баярсайхан, нярав Ганчимэг, Эрдэнэцэцэг, Ойнбаяр,  угаагч Отгон, жижүүр Даваажав, Лхагвасүрэн, Баянбат, Бат–Ирээдүй,   Даваадорж нартай гар нийлэн ажиллаж байсандаа баяртай байдаг.
 Миний залуу нас , гэр бүлийн амьдрал  минь энэ цэцэрлэгээс  улбаатай тул өглөө бүр ажилдаа эртлэн ирэх дуртай. Хүүхдийн инээд цангисан энэ л өргөөндөө хүн бүр инээмсэглэн орж ирж байгаасай гэж би боддог.
Та бид санаа зорилго нэгтэй тул хийж бүтээж чадахгүй зүйл үгүй ч,  биднийг удирдан ажиллаж байсан үе үеийн эрхлэгч нарын маань удирдан зохион байгуулах чадвар, алсын хараа, үзэл баримтлалаа зөв тодорхойлсон нь манай хамт олны ажлын амжилт гаргах нөхцөл болсон .
Ингээд түүхт 30-н жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байгаа хамт олондоо ажлын амжилт , амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Нярав  А. Оюунцэцэг
2003 оны   намрын сайхан өдрүүдийн нэг . 8 сард 10-р цэцэрлэгт ахлах тогоочоор ажилд орж байв. Тухайн үед Р.Алтантуяа дарга маш сайхан хүлээн авч ажиллах урам зоригтой байлаа. Нярав Ойнбаяр тогооч Ц.Гэрэлмаа, туслах тогооч Н.Энхтүвшин нартай мөн эмч Б. Наранцэцэг хамтран ажиллахад сэтгэл санаа гар нийлэн ажилласаар ирлээ.
Тухайн үед сайхан амттай , арвин, шинэлэг хоол хийхийг өдөр тутамдаа хичээн ажилладаг байлаа.
 2005 оны 1 сараас эхлэн няравын ажил хийсэн. Цэцэрлэг гэдэг халуун дулаан, хүүхдийн инээд цалгисан, энэ өргөөнд ажиллаж байгаадаа маш их баяртай сэтгэл хангалуун байдаг даа. Нярав гэдэг ажлыг хийх хугацаанд алдаа дутагдалгүй ямар нэгэн зүйлд хянамгай, тооцоотой, өр авлагагүй, байгууллагынхаа эд хөрөнгө зөв авч явахыг хичээсээр ирсэн. Г.Нямбаахүү даргын үед ч сайхан ажиллаж байсан \Тухайн үед санхүүгийн тал дээр ямар ч асуудалгүй\
 Дараа нь Т.Энхмаа  дарга ирэн бидэнд залуу хүний мэдлэг боловсрол удирдах чадвар, шинэлэг санаа, урам зоригийг бидэнд өгч шинэ орчинд ажиллаж амьдарч байгаа юм шиг л болсон шүү. Одоо манай цэцэрлэгийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгө, засвар үйлчилгээ бүрэн шинэчлэгдэж,  бүх хүмүүсийн ажиллах таатай орчин бүрдүүлж өгсөн хамт олон, эрхлэгч Т.Энхмаа болон удирдлагынхаа багт маш их баярлалаа.
Хамт олондоо эрүүл энх, ажлын өндөр амжилт, 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе.  Хамт олон та бүгдийг хайрлаж, хүндлэж явдаг шүү.
 Туслах багш Б. Гантулга :
2002 оны намраас одоог хүртэл туслах багшаар ажиллаж байна. Манай хамт олон маш ажилсаг, аливаа юмыг хийхдээ чин сэтгэлээсээ хийдэг нь маш их таалагддаг. Ийм хамт олон дунд ажиллаж байгаадаа маш их баярлаж явдаг.   Хамт олондоо хайртай шүү.
Бид бүгдийг хийж чадна. Улсын тэргүүний цэцэрлэг болохын төлөө урагшаа. Хамтдаа хийцгээе ,бүтээцгээе.  Ажлын өндөр амжилт хүсье .
Туслах багш Т. Сайнжаргал :
Би 2003 оны 10 сард үйлчлэгчээр орж ирж байлаа. 2005 оны 01 сард туслах багшаар одоог хүртэл ажиллаж байна.
Энэ хугацаанд хамт олон та бүхнээс ихийг сурч мэдэж амьдрал ахуйдаа хэрэглэж байлаа.  Ажилсаг бүтээлч хамт олондоо 30 жилийн баярын мэнд хүргэж байна.
Та бүхэн элгээрээ энх амгалан
Төрлөөрөө түвшин амгалан байх болтугай .
 Тогооч Ц.Гэрэлмаа:
2003 оны 03 сард ажилд орсноос хойш 13 дах жилдээ ажиллаж байна. Эрхлэгч Р.Алтантуяа, эмч Б.Наранцэцэг нар халуун дотноор хүлээн авч байсан. Үеийн үед ажиллаж байсан удирдлага, багш, ажилтан нартаа 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Баяр, гунигийг минь үргэлж хуваалцдаг, ажилсаг, мундаг хам олонтойгоо мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа баярлаж явдаг шүү. Та бүхэндээ баярын мэнд хүргэе.
 Багш П. Сарангэрэл :
1992  оны намар 10 сард УБҮ- ийн 10 цэцэрлэгт оюутан байхдаа энэ хамт олондоо анх алхан орж ирж байсан. 2003 оны 02 сарын 01нд багшаар орж одоог хүртэл ажиллаж байна.
Ажилсаг, бүтээлч, Аймгийн тэргүүний  Аравдугаар цэцэрлэгийн хамт олондоо 30 жилйин ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхний дээдийг ерөөе .
Энэ хугацаанд жаргал, зовлон бүхэнд минь хамт байж тусалж , дэмжиж ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ганцаараа ирээд гурвуулаа болсондоо баярлаж явдаг. Та бүхэндээ хайртай шүү.
 Туслах багш  О. Оюунчимэг:
Анх 2003 .09.15 нд 2-р бүлэгт туслах багшаар ажиллаж эхэлсэн. Ангийн багш н.Баасанжав эгч , Эрхлэгч Р.Алтантуяа эмч Б.Наранцэцэг, нярав н.Ойнбаяр тогооч А.Оюунцэцэг, Н.Энхтүвшин, Ц.Гэрэлмаа, угаагч н.Отгон, үйлчлэгч                     С. Лхагвасүрэн,  дууны багш Д.Энхтүвшин, нябо н.Сүрэн эгч нар ажиллаж байлаа. Анх ажилд ороход юм юмыг нь мэдэхгүй,  шкафны скоч арилгах гэж үйлээ үзэж билээ. Лхавгаа анги шагайгаад л инээж гүйгээд их сонин санагдаж билээ.
Болормаа багш ном асуугаад л .... намайг ном зарж байсан гэж шоолж байгаа юм шиг эвгүй байсан шүү. Ядахдаа тэр өдөр халаалт ирчихсэн. Би цагаан хувцас өмс гэхээр нь цагаан өнгийн ноосон цамцтай ирчихсэн, хүүхдийн уйлаан, ангийн халуун, ажлын анхны өдөр хөгөө хөлдөө чирч байлаа. Тэгээд л дасан зохицох үйл ажиллагаанд идэвхитэй орж билээ.
Тэр өдрөөс хойш 13 жил өнгөрсөн байна. Саяхан л юм шиг санагдаж байна. Сайхан хамт олонтойгоо сайхан л амьдарч, ажиллаж байна даа.
Анх Д. Энхтүвшин, Ө Болормаа 2ыг ялгахгүй байсан. Мөн Отгоо эгч , Лхагваа 2ыг бас их андуурдаг байсан. Тэр үеэс хойш 3 эрхлэгч , 3 арга зүйч солигдсон байна. 20 жилийн концерт давтаад их л сүржин болж байлаа. Одоо харин 30 жил их гоё болох байхаа .
Тогооч Н. Энхтүвшин:
Анх энэ байгууллага хамт олондоо 2003.08.25нд орж ажил хөдөлмөрийн гараагаа эхлэж байлаа. Байгууллагдаа гал тогооны туслах тогоочоор орж байв. 2004 оноос тогоочоор одоог хүртэл ажиллаж байна.
Энэ он жилүүдэд маш их ажил хөдөлмөрийг сурч, хүмүүжиж ирлээ. Хамт олондоо маш их баярлаж явдаг шүү. Байгууллагынхаа 30 жилийн ойн баярын мэнд хүргэж ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэж эрүүл энх байгаарай гэж ерөөе .
Багш Ш.Сарантуяа:
Миний бие Шуурай овогтой Сарантуяа нь Дорнод аймагт 1971 онд төрж,  сургууль цэцэрлэгт хүмүүжиж, соёлын сургуулийн бүжгийн ангийг 1993 онд төгсөж, одоог хүртэл боловсролын байгууллагад 25 жил ажиллаж байна.
2005 онд гэр бүлээрээ Орхон аймагт шилжин ирж, анх 10-р цэцэрлэгт хөгжмийн багш авах зараар Р.Алтантуяа эрхлэгчтэй уулзан, тус цэцэрлэгт 2005 оны 01 сард ажилд орж одоог хүртэл ажиллаж байна.
 Анх СӨБ болон бага насны хүүхэдтэй ажиллах анхны гараа минь эндээс эхэлсэн юм. Үүнээс хойш бага насны хүүхдэд ардын болон цэнгээнт, олон ардын бүжгийг зааж сургаж, “Дэлбээ” хамтлагийг байгуулж, амжилттай ажиллаж ирсэн. Манай хамтлагийн хүүхдүүд дуулж, бүжиглэж, энгийн хөгжмийн зэмсэг болон жүжигчилсэн тоглолтуудаар аймгийн уралдаан тэмцээнд удаа дараа амжилт гаргасаар ирсэн.
2006 оны 12 сард 20 жилийн ойн баярын концертыг зохион байгуулж, хамт олонтойгоо хамтарч ажиллаж байсан минь саяхан мэт санагдаж байна. Ажиллах хугацаанд хамт олон минь өөрийн гэр бүл шиг дотносож, жаргал зовлонгоо хуваалцаж, ижилдэн дассан хамт олондоо баярлаж,  бахархаж явдаг.
Өдрөөс өдөрт хөгжих, эрдэм оюун ундарсан сэтгэл зүрхэнд мөнхрөх, их өргөөний эзэддээ, тулгын чулууг тавилцсан анхдагч үе үеийн багш ажилчиддаа түүхт 30 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлье. Сайн үйлс дэлгэрч, саруул ухаан бадран гийх болтугай.
Багш Д. Бямбахүү :
Дашцэрэн овогтой Бямбахүү миний бие нь 2006 оны 08 сарын 25 наас өдий хүртэл 10 р цэцэрлэгтээ багшаар ажилласан. Энэ хугацаанд хамт олон ба та бүхнээс их зүйлийг сурч мэдэж амьдрал ахуйдаа ч их сайн сайхан зүйлээр дүүрэн байсан.
Атгасан гар шиг
Аравдугаар цэцэрлэгийн
Ажилсан хамт олноо
Алдаа оноог нь засан чиглүүлэн
Амжилт бүтээлийг нь улам баяжуулаж
Аймгийн тэргүүний үйл ажиллагаатай цэцэрлэг болгож чадсан Т.Энхмаа даргадаа үе үеийн удирдлагууд, хамт олондоо 30 жилийн ойн баярын мэнд хүргэж эрүүл энхийг хүсэн ерөөе.  “Сэтгэлд ухаарал, зүрхэнд хайр байгаа цагт үйлдэл бүхэн зөв байх “ болно.
Туслах багш Л. Сүнжидмаа :
2007 оны 08 сард тус цэцэрлэгт туслах багшаар ажилд орсон. Энэ үеэс эхлэн 10-р цэцэрлэгт хамт  олонтойгоо нэг гэр бүлийн хүмүүсийн адил жаргал зовлонгоо хуваалцаж нэг мэдэхэд 10 жил болжээ. Хэдийгээр ажлаа хийж байгаа ч гэсэн 2 дахь гэр минь юм шиг санагддаг.
 Манай цэцэрлэг жил ирэх тусам өөрчлөгдөж, бүтээлч ажил их хийгдэж байна. Цэцэрлэгийн гал тогоо, угаалгын өрөөний тоног төхөөрөмжүүд солигдсон. Ангиудын шал хулдаас байсан одоо бүгд паркетин болсон. Ажлын байрны нөхцөл сайжирч ажилчдын ажиллах урам зориг эрч хүч нэмэгддэг.
 Цэцэрлэг маань өнгө үзэмжтэй болж байгаад сэтгэл маш өндөр ажиллаж байна. Цэцэрлэгийн удирдлагуудын ажлын ур чадвар, зан харьцаа эелдэг сайн хүүхэд хөгжүүлэх, үйл ажиллагаа хэвийн тогтмол зохион байгууллагддаг.
Хамт олны маань уур амьсгал сайн,  бие биеэндээ их тусалдаг. Миний хувьд удирдлага болон хамт олондоо маш их талархаж явдаг. Ялангуяа Т.Энхмаа дарга манай цэцэрлэгт ирсэнээс хойш цэцэрлэгийн тохижилт, зохион байгуулалт, ажлын ур чадвар, хүүхдийн хүмүүжил сайжирсан.
Ингээд хамт олондоо цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт, амьдралд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  Сайхан баярлаарай.
Туслах багш Б. Баярмаа :
Би анх цэцэрлэгт  2009. 06. 25 өдөр үйлчлэгчээр ажилд орж байлаа . 2009 -2011 оны 04 сар хүртэл үйлчлэгч,  2011.04 сараас Д. Бямбахүү багшийн туслах багшаар анх ажиллаж байлаа. 2012- 2013 онд угаагч, 2013.09 сараас                       Ө. Болормаа багшийн ангид туслах багшаар ажиллаж байна.
Манай хамт олон найрсаг, тусч, сайхан сэтгэлтэй сайхан хүмүүс байдаг. Хамт олондоо түүхт 30 жилийн ойн баярын мэнд хүргэе . Хайртай шүү. Та нар сайхан шүү.
Багш Н.Гэрэлмаа :
Миний бие нь 2009 оны 10 сарын 01 нд 10-р цэцэрлэгт багшаар орж, эдүгээ 7 дах жилдээ ажиллаж байна.
Ажлын гараагаа тус цэцэрлэгэс эхлүүлж, нийтэч, сайхан сэтгэлтэй, бүтээлч эвсэг, шинийг санаачлагч хамт олонд орсондоо , та бүхний үргэлжлэл болж залуу багшаараа дуудуулж ажиллаж байгаадаа баяртай байдаг.
Ирж буй 2017 он болон 30 жилийн ойн мэндийг та бүхэндээ хүргэж, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.
Тогооч С. Өлзийнаран :
2011 оны 01 сард ажилд орохоор ирж билээ. Дарга Г.Нямбаахүү байлаа . Уулзах гэж ирээд 3-4 цаг доор хүлээгээд,  ажилчид нааш цааш явж  таних хүн байхгүй хөлс гоожоод л сууж билээ.  Даргатай уулзан маргаашнаас нь гал тогоонд ажилд орж , хэд хоног хүмүүстэй танилцаж ажиллахад сайхан байлаа .
 2013 оноос одоог хүртэл ээлжийн тогооч хийж байна. Намайг туслаж дэмждэг бүх хүмүүсдээ баярлаж явдаг шүү.
            ХХ-ын ажилтан Ш. Батэрдэнэ :
2013 оны 01 сард тус цэцэрлэгт жижүүрийн ажилд орж одоо 4 жил шахаж байна. Хүүхдийн инээд хөөр бялхсан сүүн цагаан сэтгэл шингэсэн байгууллагад ажиллаж байгаадаа бахархаж явдаг.
Нийт хамт олондоо 30 жилийн ойн баярын мэнд хүргэж эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Манайхан мяраалаг шүү
Маш сайн ажилсан шүү
Туслах багш Б. Оюунчимэг :
30 жилийн түүхтэй хамт олондоо ойн баярын мэнд хүргэе . Та бүхэн минь үргэлж шинийг санаачлагч байдаг шүү .
Туслах багш Л.Майцэцэг:
Миний бие 2013 онд  ажилд орсон. Анх багш нар нь их ширүүн юм шиг санагдаж байсан ч элгэмсэг, шударга хүмүүс гэдгийг ойлгосоон.
Одоогоор МУБИС-д сурч байгаа бөгөөд манай дарга сурч боловсрохыг маш их дэмждэг, мөн хов ярихыг хатуу хориглодог нь дандаа хүүхнүүд ажилладаг байгууллагад заавал байх ёстой зарчим гэж боддог.
Ажлын хамт олноороо үргэлж бахархаж, хайрлаж хүндэлж явдаг.
ХХ-ын ажилтан Д.Батбаяр:
Энэ хамт олонд  ажиллаад 3 жил болж байна. Та бүхэн минь бүтээлч мундаг хамт олон . 30 жилийн ойн баярын мэндийг бүх хүмүүсдээ хүргэж байна. Сайхан баярлаарай.
Арга зүйч Г.Ганчимэг:
Хүн энэ яваа насандаа хорвоо ертөнцийн бүх хүнтэй уулзъяа гэвэл                     1 секунд ч багаддаг тиймээс уулзах ёстой хүмүүс уулзаж учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг энэ сайхан үгэнд итгэж явдаг даа. Мөн 1 өдөр танилцаж мянга, мянган өдөр нөхөрлөдөг гэдэг сайхан үг ч байдаг.
Би энэ гайхалтай хөдөлмөрч хамт олонтойгоо ажиллах боломж 2014 оны намар нэг сайхан нартай өдөр олдсон юм. Манай нөхөр Эрдэнэтийн хүн Хөвсгөл аймагт 5 жил ажиллаж амьдарсан байлаа. Эрдэнэтэд шилжин ажиллаж амьдрах нь бид 3-ын мөрөөдөл байв. Санамсаргүй ажил дээрээ интернет ухаад сууж байтал Орхон аймгийн 10-р цэцэрлэгт арга зүйч сонгон шалгаруулж авна гэсэн зарыг хараад нөхөртөө очоод хэллээ гэтэл нөхөр маань сонгон шалгаруулалтанд орох саналыг дэмжиж ажлаасаа нэг хоногийг чөлөө аваад  Энхмаа даргатайгаа ирж уулзсан юм. Дарга ч олон хүний материал байна ямар байсан материалаа өгчих шалгаруулалтанд ор гэсэн хариу өглөө. Гэвч товлосон хугацаанд боломж олдохгүй шалгаруулалтандаа орж амжсангүй маш их харамсаж байлаа. Гэтэл 1 өдөр дарга залгаж манай шалгаруулалтанд хүн тэнцээнгүй учир дахин зарлагдсан чи ирж ороорой гэсэн баяртай мэдээг дуулаад дахиад л ажлаасаа худлаа хэлэн чөлөө авч шалгаруулалтанд орж тэнцсэн юм.
2014 оны эцэс болж байсан тул ажил гэж үстэй толгойноос их ажиллаж байсан хамт олон, даргадаа явах болсноо хэлж амжаагүй, Орхонд ажлаа авах хугацаа болсон, нөхөр маань шилжих шилжихгүй нь тодорхойгүй гээд юм юм давхцаад бөөн юм болов оо.
Ингээд бичээд байвал урт түүх болноо... /энэ бүхэн хувь тавилангаараа сайхан шийдэгдсэн/.
 Ямартай ч учрах гэж учирсан сайхан хамт олон минь юм шүү. Та бүхэндээ түүхт 30 жилийн ойн баярын мэнд хүргэж, бурхан шиг бяцхан шавь нарынхаа дулаан энергэнд дандаа аз жаргалаар дүүрэн байхын ерөөлийг өргөн мэндчилж байна.
Япон багш Тадано Марико:
Цэцэрлэгийн хүүхдүүд эрүүл чийрэг маш хөөрхөн, бүхий л хүчээрээ шамддаг. Маргаанийг хийдэг гэхдээ найрсаг байдаг. Тийм хүүхдүүд харж хандаж байгаа багш нар сэтгэл сайхан бас эелдэг байдаг.
 Бүгд гэр бүл шиг найрсаг, өдөр бүр сайхан ажилладаг. Маш их сайхан юмаа гэж бодож байна. Ажлын ачаалал их учраас хэцүү байдаг юм байна. Гэхдээ багш нар хүүхдүүдийг хамгийн чухал зүйл гэж боддог.
Маш их гоё цэцэрлэг , би багш,  хүүхдүүдэд маш их хайртай шүү .
Нягтлан бодогч   Д. Отгонжаргал:
Би  2016 .03.01 нд 10-р цэцэрлэгт анх ажилд орж байлаа . 10-р цэцэрлэг маань анх орж ирэхэд маш цэвэрхэн , ажилсаг хамт олон маань маш халуун дулаан уур амьсгалаар хүлээн авч байсанд маш их баярладаг.
Тус цэцэрлэг маань тохижилт сайтай , ажилчид бие биенээ хүндлэж байгаа нь таалагдсан. Хамт олондоо ирж буй 2017 оноо сайхан угтаж аваарай гэж баярын мэнд хүргэе.
Үйлчлэгч Б. Дэлгэрцэцэг :
2016.08.22 нд ажилд орж байсан. Ажилд ирсэн анхны өдөр найрсаг нийтэч хамт олон хүлээж авсан. Ажил хийгээгүй их удсан болохоор маш их сандарч,  ямар зан ааштай хүмүүстэй ажиллах бол гэсэн бодол их төрж байсан.
 Бүх зүйлийг минь зааж өгч мэдэхгүй, чадахгүй бүх зүйлд туслаж байдаг хамт олондоо баярлалаа.
Ойн баярын мэнд хүргэе. Бүгдээрээ сайхан баярлаарай. Улсын тэргүүний цэцэрлэг болохын төлөө бүгдээрээ хичээж ажиллацгаая .
ХХ-ын ажилтан Л.Отгонбаяр:
Хамт олондоо бүгдэд нь хайртай шүү . Ойн баярын мэндийг манай гэр бүлийн зүгээс хүргэж байна.

ХХ-ын ажилтан Ц. Ганбаатар:
2016 оны 10 сард анх ажилд ороод хийх ажилтай болсондоо их баярласан . Ажилд ороод бүлгүүдэд модон сандал өөрийн гараар хийж өглөө.
 Ажлын хамт олондоо 30 жилийн ойн мэнд хүргэе .



2016.12.07. Нийт 28 багш ажиллагсадын сэтгэгдлийг буулгав.
Share on Google Plus

Намайг Орхон аймгийн 10-р цэцэрлэг гэдэг.

Та яг одоо Орхон аймгийн 10-р цэцэрлэгийн блогийг үзэж байна.." " .
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment