ХҮҮХЭД БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА-УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН

Хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн үйл ажиллагаа-Улсын зөвлөгөөн

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг практикт амжилттай хэрэгжүүлэх нэг гол арга зам нь цэцэрлэгт явагдаж байгаа үйл ажиллагаа бүрийн чанарыг сайжруулах, түүнийг бүтээлчээр хөтлөн явуулахад багш нар, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, хамтдаа суралцах, хөгжих соёлыг төлөвшүүлэх зорилготой “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн үйл ажиллагаа” юм.  
"Зөв монгол хүүхэд" үндэсний хөтөлбөрийн хүрээнд БСШУЯ-аас гаргасан удирдамжийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилийн туршид Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн үйл ажиллагааны зөвлөгөөн цэцэрлэгийн түвшнээс эхлэн бүс, аймаг, нийслэл, улсын түвшинд амжилттай зохион байгуулагдлаа.  
Цэцэрлэгүүд дээр, аймаг, нийслэл дэх бүсүүд, аймаг, нийслэлийн түвшинд явагдсан зөвлөгөөнөөр нийт 7774 сайн үйл ажиллагаа явагдаж, 2621 сайн туршлага хэлэлцэгдэн, 8673 багш, удирдлага, мэргэжилтнүүд оролцож, харилцан суралцаж, хамтдаа хөгжив.   
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн үйл ажиллагааны улсын зөвлөгөөн 2016 оны 4 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд нийслэлийн Баянзүрх дүүргийн 122, 147, Баянгол дүүргийн 141, 133, Сонгинохайрхан дүүргийн 104, 107 дугаар цэцэрлэг дээр явагдаж, төгсгөлийн арга хэмжээг БСШУЯ-наас 4 дүгээр сарын 23-ны өдөр сэтгэл хөдлөм сайхан зохион байгууллаа.  
Улсын зөвлөгөөнөөр аймаг, дүүрэг бүрээс шалгарсан шилдэг 61 сайн үйл ажиллагаа (хүүхдийг байгаль, нийгмийн орчинтой  танилцуулах 30, хөгжмийн 11, дүрслэх урлагийн 20) явагдаж, 30тэргүүн туршлагын илтгэл хэлэлцэгдэв.
Улсын зөвлөгөөнд нийт 200 гаруй багш, цэцэрлэгийн удирдлага, БСГ-ын мэргэжилтэн, МУБИС, СӨБС-ийн удирдлага, багш нар, үндэсний хэрэгжүүлэгч багийн гишүүд оролцож, арга туршлагаа хуваалцан, нийт оролцогчид сэтгэл өндөр, цаашид хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэйгээр зөвлөгөөн өндөрлөлөө.
Улсын зөвлөгөөнөөр нийслэлийн 69 дүгээр цэцэрлэгийн багш Ж.Банзрагч эссэ бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлж, Батламж, 1,000,000₮-ийн шагнал, Нийслэлийн 186 дугаар цэцэрлэгийн багш (хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн) Ч.Өлзийцэцэг МУБИС-д хөнгөлөлттэй нөхцөлөөр магистрийн сургалтад хамрагдах эрхийн бичгээр шагнагдав.
Улсын зөвлөгөөнд оролцсон нийт багш нар ур чадвар сайтай, бусадтайгаа хуваалцах туршлага ихтэй байсан бөгөөд тэднийг төлөөлүүлж, Завхан аймгийн Улиастай сумын 1 дүгээр цэцэрлэгийн багш С.Юмчмаа, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар цэцэрлэгийн багш Ш.Цогтбаяр, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар цэцэрлэгийн багш А.Эрдэнэчимэг, УБТЗ-ын 178 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Х.МөнхбатУвс аймгийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Тогтохбаяр,нийслэлийн 1 дүгээр цэцэрлэгийн багш Э.Уранчимэг нарт БСШУ-ы сайд Л.Гантөмөр батламж гардуулж, баяр хүргэв.
Зөвлөгөөнийг амжилттай явуулах боломж олгосон БСШУЯ, бэлтгэл, зохион байгуулалт сайтай явуулсан дээр дурдсан цэцэрлэгүүдийн удирдлага, багш, ажилтнууд, үндэсний зөвлөх багийн гишүүд, СӨБС-ийн багш нар, орон нутгийн Боловсролын байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд, бусдыгаа хошуучлан үлгэр дуурайл үзүүлж, арга туршлагаа хуваалцсан нийт багш нартаа үндэсний хэрэгжүүлэгч багийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье!
Н.Норжхорлоо
Улсын зөвлөгөөний явцаас
БСШУ-ы сайд Л.Гантөмөр Эссэ бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн нийслэлийн 69 дүгээр цэцэрлэгийн багш Ж.Банзрагчид Батламж, шагнал гардуулав. 2016.04.23.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар цэцэрлэгийн багш  А.Эрдэнэчимэгийн  “Эрвээхий” сэдвээр явуулсан дүрслэх урлагийн  үйл ажиллагаа,  Нийслэлийн 104 дүгээр цэцэрлэг, 2016.04.22.

Хэлэлцүүлгийн бэлтгэл, Налайх дүүргийн багш нар, Нийслэлийн 104 дүгээр цэцэрлэг, 2016.04.22.

Завхан аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн багш С.Юмчмаагийн “Ноосон утас” сэдвээр явуулсан үйл ажиллагаа, Байгаль Нийгмийн орчин, нийслэлийн 107 дугаар цэцэрлэг, 2016.04.21.

Нийслэлийн 22 дугаар цэцэрлэгийн багш Ц.Болорын “Ус” сэдвээр явуулсан үйл ажиллагаа, нийслэлийн 122 дугаар цэцэрлэг, 2016.04.21.

Нийслэлийн 186 дугаар цэцэрлэгийн багш Ч.Өлзийцэцэгийн “Хүүхдийг хувцаслая” сэдвээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй явуулсан дүрслэх урлагийн үйл ажиллагаа, нийслэлийн 122 дугаар цэцэрлэг, 2016.04.22.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэг дээрх үйл ажиллагаанаас, 2016.04.22.

Нийслэлийн 1 дүгээр цэцэрлэгийн багш Э.Уранчимэгийн “Амьтад” сэдвээр явуулсан дүрслэх урлагийн үйл ажиллагаа. Нийслэлийн 141 дүгээр цэцэрлэг, 2016.04.22.

Оролцогчид хэлэлцүүлэгт бэлтгэж багаар ажиллалаа. Наад талд Баянхонгор аймгийн багш нарын баг. Нийслэлийн 141 дүгээр цэцэрлэг, 2016.04.21.

Зөвлөх багийн гишүүд ч мөн хэлэлцүүлэгт бэлтгэлтэйгээр оролцлоо. Нийслэлийн 141 дүгээр цэцэрлэг, 2016.04.21.

Орхон аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн багш Д.Рагчаагийн “Хөөс” сэдвээр явуулсан байгаль, нийгмийн орчны үйл ажиллагаа. Нийслэлийн 141 дүгээр цэцэрлэг, 2016.04.21.

Нийслэлийн 141 дүгээр цэцэрлэг дээрх үйл ажиллагааны хаалтан дээр тус цэцэрлэгийн багш нар энгийн хөгжмийн зэмсгээр тоглолт хийж, оролцогчдод баяр хүргэв. 2016.04.22.

Цэцэрлэгүүд дээрх хоол, унд “5 одтой зочид буудал”-ынх ... Нийслэлийн 104 дүгээр цэцэрлэг, 2016.04.22.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын цэцэрлэгийн багш Д.Болормаагийн “Дээс эрчлэх” сэдвээр явуулсан Байгаль, нийгмийн орчны үйл ажиллагаа. Нийслэлийн 147 дугаар цэцэрлэг, 2016.04.21.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар цэцэрлэгийн багш Ш.Цогтбаярын “Мод” сэдвээр дунд бүлэгт явуулсан дүрслэх урлагийн үйл ажиллагаа. Нийслэлийн 147 дугаар цэцэрлэг, 2016.04.21.

Хэнтий аймгийн Батширээт сумын цэцэрлэгийн багш Ч.Дариймаа “Буриад ёс заншил, хэл соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх нь” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэв. Нийслэлийн 147 дугаар цэцэрлэг, 2016.04.21.

Төв аймгийн Цээл сумын цэцэрлэгийн эрхлэгч Б.Чанцалдулам “Хүүхдийн хөдөлгөөн эрүүл мэндэд байгаль, танин мэдэхүйн орчны нөлөөлөл” сэдвээр туршлагаа танилцуулав. Нийслэлийн 141 дүгээр цэцэрлэг, 2016.04.21.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр цэцэрлэгийн багш О.Алтанзулын “Элс усанд уусдаг уу?” сэдэвт байгаль, нийгмийн орчны хөгжүүлэх үйл ажиллагаа. Нийслэлийн 133 дугаар цэцэрлэг, 2016.04.21.

Улаанбаатар Төмөр замын 178 дугаар цэцэрлэгийн багш Х.Мөнхбатын “7 эгшиг” сэдэвт хөгжмийн хөгжүүлэх үйл ажиллагаа. Нийслэлийн 133 дугаар цэцэрлэг, 2016.04.22.
Share on Google Plus

Намайг Орхон аймгийн 10-р цэцэрлэг гэдэг.

Та яг одоо Орхон аймгийн 10-р цэцэрлэгийн блогийг үзэж байна.." " .
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment